Thursday, December 23, 2010

Бөмбөгөр ногоон театр

Бөмбөгөр ногоон”-оос эхтэй түүхийг дэлгэв

Улсын драмын эрдмийн театрынхан 75 жилийн ойдоо зориулж, Театрын музейн байранд гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэв. Их сайхан залуус байжээ, манай “Бөмбөгөр ногоон”-ыхон. Үсээ богинохон тайрч, дугуй малгай жишүүлдэсхийн тавьсан хүрээ хүүхнүүд, бүрх малгай духдуулж, урт дээлээр гоёсон харчууд.
Зурган дээрээс харахад Бөмбөгөр ногоон гэдэг их томгүй санагддаг байсан. Гэтэл үгүй юм аа. Эргэдэг тайзтай, ардаа том хаалгатай. Энэ хаалгаар “Шарай голын гурван хаан” жүжиг тоглох үед гурван морьтон орж ирэн, тайзан дээр гардаг байж. Энэ тухай ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай “Манай театрын байр нэг их хүйтэн биш байсан. Ханаа дагаад пийшинтэй. Театрын хойд талд сүүлд өргөтгөл барьсан юм. Энэ үүдэнд Э.Оюун гуай орой болтол суугаад байна даа. Гэртээ ер харихгүй шүү. Театрын байр шатах үед Д. Лувсаншарав авдартай хувцаснуудыг авч шидлээд л. Яасан ч хүчтэй байсан юм. Харин дараа нь авдрыг нээж үзтэл хувцаснууд шатаагүй хэрнээ утаандаа шарлачихсан байж билээ” гэж ирээд л “Бөмбөгөр ногоон”-ы түүх хүүрнэв.
Энд төрийн шагналт зураач Л.Намхайцэрэн, Л.Гаваа, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Доржпалам зэрэг нэртэй зураачдаас гадна төрийн хошой шагналт ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог нарын хөгжмийн зохиолчдын гэрэл зураг өлгөөстэй. Тус театрын найруулагчдын цуваа гэхэд төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун, Л.Ванган, харин жүжгийн зохиолчдынх Д.Нацагдорж, С.Буяннэмэхээр эхэлж байна.
Тус театрын тавьсан анхны жүжгүүдийн нэг “Хэлбэрэл нугалаа” 1932 оных юм билээ. Ши.Аюуш зохиолыг нь бичиж, найруулжээ. “Өвгөн бүргэд”, “Говийн хүүхэн Гүндэгмаа”, “Хонины булаг”-аас өгсүүлээд “Соно”, “Нора”, “Интоорын цэцэрлэг”, “Цаг өөр болжээ”, “Тамгагүй төр” “Нандин эрдэнэ”, “Үгүйлэгдсэн хайр” мөн  энэ жил олны хүртээл болсон “Атга нөж” зэрэг жүжгийн үйл явдлыг харуулсан гэрэл зургууд “үггүй түүх” өгүүлнэ. Эдгээр түүхийг 1931-1940, 1941-1950, 1951-1960 гэх мэтчилэн үечилжээ.

No comments:

Post a Comment